Өнөөдөр МУИС-ийн захирал С.Төмөр-Очир Симитомо корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгч, ерөнхий менежер Аоки Ясүнорийг хүлээн авч уулзан хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хугацааг сунгаж, цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Сумитомо Корпораци нь Монгол Улсын нийгмийн сайн сайхны төлөө жил бүр МУИС-ийн 20 оюутанд тэтгэлэг олгодог бөгөөд тэтгэлэгт сонгогдсон оюутны сурлагын үзүүлэлтийг харгалзан тухайн оюутныг төгсөх хүртэл 4 жилийн хугацаанд тэтгэлэг олгодог юм. Сонгон шалгаруулалтыг Улаанбаатар дахь Сумитомо корпорацийн төлөөлөгчийн газар, МУИС-ийн Оюутанд үйлчлэх төв хамтран зохион байгуулдаг бөгөөд 17 дахь жилдээ МУИС-ийн оюутнуудад тэтгэлэг олгоод байна.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн гол зорилго нь Азийн улс орнуудын ирээдүйг бүтээлцэх хүний нөөцийн боловсролыг дэмжиж авъяаслаг, идэвхитэй, сурах эрмэлзэлтэй, сурлага сайтай тэргүүний оюутнуудыг түлхүү хамруулдаг бөгөөд сонгон шалгаруулалтанд оролцох оюутан ийм төрлийн бусад тэтгэлэгт хамрагдаагүй, тэтгэлэгийн гол шалгуур үзүүлэлт болох 3,0 голч дүнгийн үзүүлэлттэй, 1-р дамжааны оюутан байх ёстой байдаг.
Энэ хичээлийн жилээс эхлэн уг корпораци нэрэмжит тэтгэлэгийнхээ тоо, хэмжээг нэмж МУИС-ийн нийт 30 оюутанд тэтгэлэг олгохоор боллоо.