“Мoнголын Андууд” ТББ-ын 2023 оны тэтгэлэг гардуулах ёслолыг есдүгээр сарын 23-ны өдөр Америкийн соёл мэдээллийн төвд зохион байгууллаа. “Монголын Андууд” ТББ нь сайн санаат, боловсрол, хөгжлийн төлөөх зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг. Тус байгууллагын зорилго нь хоёр орны хүний хөгжил болон соёлын солилцоог сайжруулах, хамтын ажиллагааг дэмжихэд оршино. “Монголын Андууд”-ын гишүүнчлэл болон хандивын хөрөнгө зорилгын хүрээн дэх үйл ажиллагаа болох Монголын ирээдүйн хөгжилд дэмжлэг болохуйц доорх хөтөлбөрүүдэд зарцуулагддаг билээ.
“Монголын Андууд” нь АНУ-д бүртгэлтэй, ашгийн төлөө бус, Монгол болон АНУ-д үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. Монголд Энхтайвны корпсийн шугамаар ажиллаж байсан сайн дурын ажилтан нарын санаачилгаар 1999 онд байгуулагдсан.
“Монголын Андууд” ТББ нь гурван үндсэн зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг:
- Боловсрол
- Нийгмийн хөгжил
- Нийгмийн оролцоо
Эдгээр үндсэн зорилтын хүрээнд тус бүрдээ нэг болон түүнээс дээш хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД ДАРЖ сонирхоорой.
“Монголын Андууд” ТББ нь хөдөө орон нутгаас их, дээд сургуульд суралцах нийгмийн идэвхтэй, амжилттай суралцагч оюутнуудыг дэмжих зорилгоор Мэттью Гирвиний нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан бөгөөд 2023-2024 оны хичээлийн жилд нийт 11 суралцагч шалгарч тэнцсэн байна.
Үүнээс МУИС-ийн гурван оюутан энэ удаагийн тэтгэлэгт тэнцжээ.
- ХШУИС-ийн Програм хангамж хөтөлбөрт элссэн Г.Оюударь,
- БС-ийн санхүү хөтөлбөрт элссэн Ж.Ургамалцэцэг,
- ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Философи хөтөлбөрт элссэн А.Онзул нар тэнцэж сертификат гардан авлаа.
Тус тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутан залуусын төгсөх хүртэлх сургалтын төлбөрийг олгох ажээ. Мөн ёслолын үеэр тэтгэлэгт хамрагдсан МУИС-ийн оюутан Ганболд овогтой Лхагвасүрэн сэтгэгдлээ илэрхийлж, үг хэллээ.
Тус арга хэмжээнд МУИС-иас ОХТ-ийн ахлах мэргэжилтэн Л.Чинзориг, мэргэжилтэн Ц.Энхтайван нар оролцлоо. Цаашид МУИС, Монголын Андууд ТББ хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэхээр хэлэлцэн тохиролцов.
Тэтгэлэгт тэнцсэн нийт суралцагчдадаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ