БНПУ-ын Лодзийн их сургууль болон МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтарсан бакалаврын хөтөлбөрийн анхны суралцагчид дипломаа гардан авлаа

Share Button

Бүгд Найрамдах Польш Улс (БНПУ)-ын Лодзийн их сургууль болон МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтарсан бакалаврын хөтөлбөрийн анхны суралцагчид амжилттай суралцаж, Лодзийн их сургуулиас бакалаврын дипломоо гардан авлаа.

Монгол Улс болон БНПУ-ын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн Бизнесийн сургууль БНПУ-ын Лодзийн их сургуулиуд хамтран 2+2 бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг 2019-2020 оны хичээлийн жилд хийж, албан ёсоор 2020 онд гэрээгээр баталгаажуулсан билээ.

Уг хөтөлбөрт МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүү, Банк, Даатгал, Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд жил бүр 15 хүртэлх оюутныг Лодзийн их сургуулийн Эдийн засаг-Социологийн сургуульд  үргэлжлүүлэн суралцах нөхцлийг дээрх гэрээгээр бүрдүүлж өгсөн байдаг.

Хамтарсан хөтөлбөрт суралцах оюутнууд Польш хэлийг эх орондоо ахисан түвшинд эзэмшсэн байх нь голлох шалгууруудын нэг тул Бизнесийн сургууль энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ МУИС-ийн ШУС-ийн Европ судлалын тэнхимтэй хамтран ажилласаар байна.

Хамтарсан хөтөлбөрт амжилттай суралцаж хамтрагч сургуулийн бакалаврын зэрэг хүртсэн хоёр оюутныг Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан, Европ судлалын тэнхмийн эрхлэгч Н.Мөнх, Польш хэлний багш Ж.Алтангэрэл, Бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхмийн эрхлэгч Б.Энх-Амгалан, Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэгч Л.Оюунцэцэг, хамтарсан хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д.Жаргалмаа нар хүлээн авч уулзлаа.

Хөтөлбөрөөр бакалаврын зэрэг хүртсэн төгсөгч нь үргэлжлүүлэн нэг хичээлийн жилийн хугацаанд магистрын хөтөлбөрт суралцах боломжтой байдаг. Амжилттай төгссөн гурван оюутны хоёр нь Лодзийн их сургуульд магистрын хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцахаар болжээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар