Их сургуулиудын нэг гол үзүүлэлт нь тухайн сургуулийн судлаачдын оюуны бүтээл үйлдвэрлэл болон зах зээлд хэр нэвтэрч байгаагаар хэмжигддэг. Өнөө цагт оюуны бүтээл зах зээлд нээлттэй, хүртээмжтэй нэвтрэх бололцоотой болохыг “Судлаачийн бүтээл зах зээлд нэвтрэхэд тулгарах асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замууд” сэдвийн хүрээнд МУИС-ийн Технологи дамжуулах төв дээр 2023 оны аравдугаар сарын 18-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Семинарт патент судлаач Д.Дэмбэрэл “Оюуны бүтээлийн үнэ цэнэ ба түүнийг үнэлүүлэх” сэдвээр, Стандарт хэмжил зүйн үндэсний төвийн стандартын хорооны гишүүн, Доктор Ц.Бурмаа “Бүтээгдэхүүний стандарт боловсруулах, тулгарах асуудлыг хэрхэн шийдэх” сэдвээр, МУИС-ийн Биологийн тэнхимийн багш Доктор А.Баянмөнх “Бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд анхаарах асуудлууд” сэдвээр тус тус илтгэв.
Энэ үеэр бүтээгдэхүүний анхдагч санаанаас эхлээд эцсийн хэрэглэгчид хүргэж зах зээлд гаргахад судлаач юу хийх боломжтой, суурь болон хавсарга судалгааг төлөвлөх, бизнесийн болон үйлдвэрлэлийн байгууллагатай хамтрах, бүтээгдэхүүний стандарт авах, оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэх, үнэлүүлэх зэрэг асуудлыг бодит жишээн дээр хэлэлцсэн нь семинарын онцлог байлаа.
Тус семинарыг “Рио Тинто Монгол” ХХК-ийн санхүүжилтээр зохион байгуулагдаж буй “Багш, оюутны стартап-2023” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн Технологи дамжуулах төвөөс зохион байгуулсан бөгөөд цаашид багш судлаач нарт зориулан цуврал хэлбэрээр тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.