Монголын Эмнести Интернэшнл, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимээс ЮНЕСКО, МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимтэй, ШУТИС-тай хамтран зохион байгуулж буй “ФИЛОСОФИ, ХҮНИЙ ЭРХИЙН УУЛЗВАРТ: УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ” Философийн улсын XV олимпиадын удирдамжтай танилцана уу.
Үндэслэл: Байгаль орчны доройтол, экологийн тэнцвэрт бус байдал нэг улс үндэстний асуудал биш, дэлхий нийтийн асуудал болох нь улам тод томруунаар мэдрэгдсээр буй өнөө үед хүн төрөлхтөнд үнэт зүйлийн чиг баримжаагаа дахин тодорхойлох, өдөр тутмын дадал зуршлаа эргэж харах, техник технологийн дэвшилд найдах бус харин хэрхэн зохистойгоор хэрэглэх тухай эргэцүүлэх, аливааг цогцоор харж, хариуцлагатай алхмуудыг тасралтгүй хийх шаардлага тулгарч байна. Иймээс ч зөвхөн байгаль орчны төдийгүй эдийн засаг, улс төр, олон улсын харилцаа, хүний эрх, сэтгүүл зүй, хэл шинжлэл, ёс зүй, эрх зүй зэрэг салбар дундын шинжтэй, холбогдох асуудлыг нь шийдэхийн тулд цогц бодлого, ухаалаг үйлдэл, тогтвортой хандлагыг шаардагддаг дэлхий нийтийн сэдэв болох “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ”-ийг онцлов.
Зорилго: Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн бид бүгдэд тулгарч буй сорилтуудад холбогдох ёс зүйн, тухайлбал хүрээлэн буй орчны ёс зүйн асуудал улс төрийн философи болон хүний эрхийн үндсэн зарчмуудтай хэрхэн холбогдож буйд оюутнуудын санаа бодлыг чиглүүлэн ухааны цэцийг сориход энэхүү ХV олимпиадаа зориулж байна.
Агаарын хэм нэмэгдэх, цаг агаар огцом өөрчлөгдөх, мөнх цаст оргилууд хайлах, биологийн төрөл зүйл хорогдох, ус хомсдох зэрэг нь зөвхөн хэсэг газрын экологийн асуудал бус “хамтын” асуудал болохыг олж харах, улмаар арга зам, гарц гаргалгааг эрэн хайх, холбогдох бодлого шийдвэрт анхаарал хандуулан, нухацтай эргэцүүлэх, бүтээлч үндэслэл дэвшүүлэх, шалтгаан холбоог илрүүлсэн дүгнэлт гаргах, асуудалд хариуцлагатай, мэдрэмжтэй хандах, бие даан шийдвэр гаргахад суралцахад туслах зорилготой болно.
ОЛИМПИАДЫН ДААЛГАВАРТ АЖЛЫН ХАМРАХ ХҮРЭЭ:
- Антропоцентризм,
- Биоцентризм,
- Экоцентризм,
- Экогуманизм
- Амьтны эрх
- Байгалийн олон янз байдал ба байгаль хамгаалал
- Экологийн ёс зүйн зарчмууд
- Байгаль хамгаалах уламжлал, зан үйл ба орчин үе
- Нийтийн сайн сайхан байдал ба хувийн хариуцлага
- Ногоон бодлого, ногоон хөгжил
- Эрчим хүчний шударга шилжилт
- Төрийн үүрэг
- Бизнес эрхлэгчдийн нийгмийн хариуцлага
- Уур амьсгалын шударга ёс
- Хүний нэр төр, эрхэм чанар
- Эмэгтэйчүүд, хүүхдүүд, цөөнхийн эрх
- Байгаль орчны ёс зүй болон хамгаалалт
- Үе хоорондын шударга ёс
- Ирээдүй хойчийн эрх
- Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх
- Шаардлагад нийцсэн орон байраар хангагдах эрх
- Хоол хүнсээр хангагдах эрх
- Цэвэр усаар хангагдах эрх
- Соёлын эрх
- Байгаль орчны салбар дахь хүний эрх хамгаалагчид
- Хүний эрхэд тавих хязгаарлалт
- Гарз, хохирлын сан
Хамрах хүрээ: Олимпиадад их, дээд сургуулийн философийн хичээл судалж буй болон судалсан оюутан оролцоно.
Үр дүн:
- Оюутнууд хамтын хариуцлага гэх ойлголтыг философийн үүднээс харж, хувь хүн, нийгэм, системийн шийдвэрийн үр дагавар, уг шалтгааны талаар судлан эргэцүүлнэ.
- Байгаль цаг уурын өөрчлөлтөд амьтан, ургамал төдийгүй хүүхэд, хөгшчүүд, ядуучууд зэрэг маргинал бүлэг өртөмтгий байдаг нь “шударга” явдал мөн эсэхийг шүүн шинжлэх зэргээр уур амьсгалын өөрчлөлт хэрхэн улс төрийн философитой холбогддог болохыг танилцана.
- Антропоцентризм, биоцентризм, экоцентризм зэрэг онолын ойлголтуудын үүднээс тайлбар, үндэслэл дэвшүүлж, хүрээлэн буй орчны ёс зүйн суурь асуудлуудыг ялгаж сурна.
- Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй нүүлгэн шилжүүлэлт, эрүүл мэндийн асуудал гэх мэт хүний эрхтэй холбогдох сэдвүүдийг задлан шинжилнэ.
Оролцох багийн бүрэлдэхүүн: Удирдагч багш болон таван оюутнаас бүрдэнэ. Багийн бүрэлдэхүүнд өмнөх жилүүдэд Философийн хичээл судалсан хоёроос илүүгүй оюутан орж болно. Өмнөх удаагийн олимпиадын оролцогч дахин оролцохгүй.
Олимпиад болох хаяг, огноо: МУБИС-ийн Б байрны 3 давхарт 311 тоот зааланд, 2023 оны арваннэгдүгээр сарын 25-ны Бямба гаригт.
ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЛБЭР
Медиа бэлтгэх, эссэ бичвэр, тест ажилбар, фото зураг, философийн эх бичиг, кино бүтээлээс философи утга санааг тайлбарлах, тохиолдол жишээ шинжлэх.
БАГУУДЫН ШАЛГАРУУЛАЛТ ХОЁР ҮЕ ШАТТАЙ ЯВАГДАНА.
I шатны шалгаруулалт:
- Олимпиадын сэдвээр багийн гишүүд медиа материал бэлтгэнэ. Медиаг зөвхөн гар утсаар бүтээсэн байх. /2-3 мин/ (гэрийн даалгаварт)
- Тухайн асуудлаар нөхцөл байдлыг тодорхойлсон болон асуудлыг монголын жишээн дээр шийдвэрлэх арга замыг тусгаж өгсөн эссэ бичих. (гэрийн даалгаварт)
- Философи-хүний эрхтэй холбоотой тест ажилбар.
- “Фото зургийн үзэсгэлэн”-д хоёр зураг ирүүлнэ. (гэрийн даалгаварт)
Тавигдах шаардлага:
- Видео контент нь 2-3 минутын үргэлжлэх хугацаатай, гар утсаар бичиглэсэн, асуудал дэвшүүлсэн болон шийдвэрлэсэн шинжтэй байх.
- Эссэ нь А4-н цаасан дээр New times roman, 12 фонд хэмжээтэй, мөр хоорондын зай нь 1, цогцолбор тус бүрээр утга санааг тусгасан, 600-аас багагүй үгтэй байна.
- Бүтээл нь фото зураг, эвлүүлэг, егөөдөлт хэлбэртэй байж болно.
- Нэр, товч тайлбар, уриатай, баруун доод хэсэгт сургуулийн логоны хамт 4*10 хэмжээтэй хүрээнд байршуулна.
- Тус бүтээл нь аливаа уралдаан, цахим орчинд өмнө нь тавигдаагүй байна.
- Цагаан хүрээтэй, хөөстэй стикер дээр буулгана. “Гамма фото студи”-д файлаа өгөөд хийлгэж болно. 99692048. (Монгол 3-р сургуулийн замын урд талд Биеийн тамирын Дээд Сургууль 2 давхарт).
Эдгээр дөрвөн даалгавраар авсан онооны нийлбэрээр шалгарсан багууд дараагийн шатанд оролцоно.
II шатны шалгаруулалт:
- Философийн эх бичиг, кино бүтээлээс философи утга санааг тунгаан тайлбарлана.
- Философи, хүний эрхийн асуудлаар тохиолдол жишээ ажилбар. /Нэг тохиолдлыг шинжлэхэд хоёр баг оролцон хоорондоо философи үндэслэгээ, дүгнэлт гарган мэтгэлцэнэ/.
БАЙР, ШАГНАЛ.
Багийн шагнал:
I байр – 1: Өргөмжлөл, мөнгөн шагнал
- байр – 1: Өргөмжлөл, мөнгөн шагнал
- байр – 1: Өргөмжлөл, мөнгөн шагнал Тусгай байр – 1: Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Оролцогчдын шагнал:
- Уран илтгэгч – 1: Өргөмжлөл, мөнгөн шагнал
- Мэргэн санаа дэвшүүлэгч- 1: Өргөмжлөл, мөнгөн шагнал
БҮРТГҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛ
Багууд нь 2023 оны арваннэгдүгээр сарын 09-16-ны хооронд МУБИС-ийн Б байрны 3 давхарт 308 тоот өрөөнд ирж бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Гэрийн даалгаврын материалууд (2ш зураг хэвлэмэл байдлаар, медиа контентийг файл хэлбэрээр)
- Оюутны үнэмлэх, иргэний үнэмлэх
- Бүртгэлийн хураамж нэг баг 25000 төгрөг.
Фото зураг нь өгөгдсөн сэдвийн дагуу,
Медиа нь дуу, дүрсний шаардлага хангасан байна.
XY олимпиадыг зохион байгуулагч: МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхим.
Холбоо барих утасны дугаар:
- МУБИС – Ц.Эрдэнэбат 99262823
- Б.Батзаяа 91888444
- Т. Нэмэхжаргал 99908517
- Ж. Отгонбаяр 99285102