
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МУИС-ийн Оюутны хөгжлийн төв, ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлагын хөтөлбөрийн Монголын үндэсний хороотой хамтран “Цахим орчны дарамтаас урьдчилан сэргийлэх нь” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна. Тус хэлэлцүүлгээр оюутан залууст цахим орчин дахь дарамт, дээрэлхэлтийн хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх зорилгоор олны танил хүмүүс болон мэргэжилтнүүд зөвлөгөө мэдээлэл өгөх юм. Идэвхтэй оролцогчдод МУИС-ийн брэнд гарын бэлгийг олгоно.

ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 05-ны өдрийг “Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах олон улсын өдөр” болгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд олон сая хүүхэд, залуусын сурч боловсрох үндсэн эрхийг нь хязгаарлаж буй сургуулийн орчны дээрэлхэлт, үе тэнгийнхний дарамт шахалт болон цахим дарамтын асуудалд дэлхий нийтээрээ анхаарал хандуулж урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлж байна.