Дэлхийн шинжлэх ухааны өдрийг тохиолдуулан ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулж буй “Science Fair-2023” арга хэмжээний үеэр МУИС-ийн ШУС-ийн Байгалийн Ухааны Салбарын мэргэжлийн хөтөлбөрүүд болон онцлог, давуу талыг танилцууллаа.
Байгалийн ухааны салбарт Газарзүй, Геологи-Геофизик, Биологи, Хими, Математик, Физик, Цаг уур-ус судлал зэрэг долоон тэнхим харъяалагддаг бөгөөд мэргэжлийн хөтөлбөр сурталчлах өдөрлөгийн 2023 оны 11 дүгээр сарын 11-нд зохион байгууллаа. Өдөрлөгөөр тэнхим бүр мэргэжлийн онцлог бүхий багаж тоног төхөөрөмж, урвалж бодис, техник хэрэгслийг бэлтгэж ЕБС-ийн сурагчдад тайлбар, танилцуулга хийв.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд их сургуулийн байгалийн ухааны болон инженер, технологийн мэргэжил сонгон суралцах оюутнуудын тоо багассан. Ийнхүү тухайн салбаруудад боловсон хүчин дутагдах зэрэг олон сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэй байна. Тиймээс бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд нь хүүхдүүдэд шинжлэх ухаан, технологийн чиглэлээрх сонирхлыг төрүүлж, санааг нь урамшуулах нь тэднийг шинжлэх ухааны салбарт амжилт гаргахад чухал нөлөөтэй тул энэ өдөрлөгийг зохион байгуулсан байна. Дараагийн удаа төгсөгч ба ажил олгогчдыг өдөрлөгт хамруулах шаардлагатай болохыг зохион байгуулагчид онцоллоо.