Монголын банкны холбоо, арилжааны банкууд болон Монгол банкны хамтран байгуулсан “Тэрбум мод” сангийн 2022-2023 оны төслийн нээлттэй сонгон шалгаруулалтын “Олон нийтэд тогтвортой хөгжил, экологийн боловсрол олгох” чиглэлд МУИС-ийн Экологийн боловсролын төв (ЭБТ)-ийн “АМЬД БАЙГАЛИЙГ АЛЬ Ч ЦАГТ” төсөл шалгарсан.
Ийнхүү төсөл 2023 оны зургаадугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн ба ЭБТ-ийн хамт олон ой модны ач холбогдлыг таниулах “ОЙ ЯГ…” танин мэдэхүйн танхимыг тохижуулж, тус чиглэлээр сургалтын хөтөлбөр шинээр боловсруулжээ. Энэ хүрээнд таван өртөөт сургалт – аяллыг зохион байгуулж анхны 1000 сурагчаа хамруулан, төслөө амжилттай хэрэгжүүлж дуусгасан байна.
Төслийн удирдагч Р.Сүнжидмаа хэлэхдээ, ““Ой яг…” танхимыг ойд орсон мэт мэдрэмж төрүүлэхүйц байгалийн мод, модон бүтээгдэхүүнээр тохижуулсан ба модны олон янз байдал, ой модны байгалийн үйлчилгээ, хүний амьдралд гүйцэтгэх үүрэг зэргийг хүүхэд залуусын өдөр тутам хэрэглэдэг платформуудтай зүйрлэн үзүүлж таниулахаар зохиомжилсон. Мод, түүний холтос, үр, боргоцой зэргийг нүдээр харж, гараар барьж, үнэрлэж, хүртэж мэдрэх орчныг бүрдүүлсэн нь хүүхдэд ой мод болоод байгалийг сонирхон судлах, хайрлан хамгаалах, амьдрах орчноо модоор чимж тохижуулах, мод тарьж ургуулах сонирхол төрүүлнэ. Манай төслийн “Хүүхдийн бяцхан оюунд модны үр соёолуулах” зорилго амжилттай биеллээ олсонд бид их баяртай байна гэлээ.
Төсөлд алслагдмал дүүргийн 6-аас дээш ангийн нийт 1000 хүүхдийг хамруулсан ба энэхүү шинэ өртөө цаашид ЭБТ-ийн өртөөчилсөн аялалд хамрагдах хэн бүхэнд нээлттэй байж, байгальтай илүү ойроос танилцах, сонирхолтой, интерактив аргаар сонирхон судлах боломжийг бүрдүүлэхүйц сургалтын шинэлэг орчин болсныг онцоллоо. Мөн тэрбээр, төслийг дэмжин ажиллаж Монголын хүүхэд залуусын оюунд хөрөнгө оруулсан Тэрбум мод сан, Монгол банк, Монголын банкны холбоонд баярлаж талархсанаа төслийн зочин 1000 хүүхэд болон цаашид манай сургалтад хамрагдах мянга мянган хүүхдийн өмнөөс илэрхийлье хэмээв.
Монголбанк /Монгол Улсын Төв банк/
Монголын банкны холбоо / Mongolian Bankers Association