МУИС-ийн 2020 он хүртэлх стратегийн эрхэм зорилго бол олон улсын стандартад нийцсэн, Монгол улсын ирээдүйн хөгжил дэвшлийн тулгуур болсон “Үндэсний загвар” судалгааны их сургуулийн тогтолцоог бүрдүүлэхэд оршино. МУИС нь судалгааны их сургууль болоход судлаач профессор, түүний багаар ажиллах бүхий л боломжийг бүрдүүлэх, судлаач шилдэг оюутантай төгсөлтийн дараах сургуулийг байгуулан санхүүжүүлэх нэн чухал билээ.
Стратегийн зорилт 1,3-ийн 2-рт 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн профессорын багаар ажиллах тогтолцоог нэвтрүүлж хэрэгжүүлэхээр заасны дагуу МУИС-ийн Захирлын 2012 оны 8-р сарын 31-ны өдрийн 425 тоот тушаалаар “МУИС-ийн профессорын багийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан. МУИС-ийн хэмжээнд судалгааны ажлын түвшинг дээшлүүлэх, судалгаанд суурилсан зохион байгуулалтын бүтэц бүрдүүлэх, залуу судлаачдыг бэлтгэх зорилгоор профессоруудын баг бий болгон төлөвшүүлэх, багийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
Судалгааны чиглэлийн хувьд нэгдсэн зорилготой профессор, багш, судлаач, сурлцагчдаас бүрдсэн хамтлагийн профессорын баг гэж тодорхойлсон бөгөөд баг нь сургалтын бодлогын хувьд бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба, тэнхимийн харьяанд ажиллана. Харин судалгааны ажлын чиглэл, багийн хүний нөөцийн хувьд бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлийн бодлогод уялдан ажиллах болно гэж журамд заасан байдаг. МУИС-ийн дүрмийн 5,3-т профессорын баг нь бүтцийн нэгж тул байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг үндсэн нэгжийн эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн МУИС-ийн захирал шийдвэрлэнэ гэж заасан болно. Профессорын багийн үйл ажиллагааг батлагдсан журмаар зохицуулна.
МУИС-ийн судалгааны талаар баримтлах бодлогоо боловсруулах хэлэлцүүлэх гэж байна. Судалгаанд суурилсан бүтцийн нэгж болох профессорын баг, төгсөлтийн дараах сургуулийн тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг үндсэн бодлогоо болгон дэмжиж ажиллахаа томьёолсон. Энэ хүрээнд профессорын багийн суурь зардал олгох тухай МУИС-ийн эрдмийн болон захиргааны зөвлөлөөр шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл энэхүү журмын дагуу бүрэлдэхүүн сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн сонгон шалгаруулсан судалгааны 16 чиглэлээр ажиллах профессорын багийн /хүснэгтээс үзнэ үү/ суурь зардалд тус бүр 15 сая төгрөг буюу нийт 240 сая төгрөгийн суурь зардлыг МУИС-ийн эрдэм шинжилгээний зардлаас олгохоор боллоо.
Профессорын багийн ахлагч нарт МУИС-ийн нийт багш, суралцагчдын нэрийн өмнөөс баяр хүргэе.
№ |
Профессорын багийн ахлагч, нэрс |
Бүрэлдэхүүн сургууль |
Профессорын багийн чиглэл |
1 | ШУ-ны Д-р. Проф. Н.Цэвэгсүрэн | ХХИС | Хүнсний химийн биотехнологи |
2 | Д-р. Проф. Р.Галбадрах | ФЭС | Материал судлал |
3 | ШУ-ны Д-р. Проф. С.Төмөрбат | МКС | Алгебр |
4 | Д-р. Дэд Проф. О.Алтансүх | ГГС | Хүрээлэн буй орчин судлал |
5 | Д-р. Дэд Проф. М.Баярпүрэв | МТС | Чип-системийн сургалт, судалгаа |
6 | Д-р. Проф. Ч.Энхбаяр | ЭЗС | Санхүүгийн менежмент |
7 | Д-р. Дэд Проф. Д.Сайнбилэгт | ГХСС | Боловсрол судлал-Гадаад хэл заах арга зүй |
8 | Д-р. Проф. С.Дулам | МХСС | Монгол соёл иргэншил |
9 | Д-р. Проф. О.Мөнхбат | НШУС | Социологи |
10 | Д-р. Дэд Проф. П.Одгэрэл | ХЗС | Хууль: Татварын харилцаа |
11 | Д-р. Проф. Ж.Баясах | ОУХС | Монгол улс, хөрш орнуудын улс төр, эдийн засгийн харилцаа |
12 | Д-р. Проф. С.Дамдинсүрэн | ББС | Хүлэмжийн хийн судалгаа |
13 | Тодорхойгүй | УБС | |
14 | Тодорхойгүй | ХС | |
15 | Тодорхойгүй | Завхан | |
16 | Тодорхойгүй | Орхон |