Японы Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Share Button

МУИС-ийн захирал Д.Бадарч Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Игавахара Масарүг гэргийн хамт 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Японы ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ито Ерико, МУИС-ийн Сургалт эрхэлсэн захирал Б.Батжаргал, Ази судлалын тэнхмийн эрхлэгч Г.Элдэв-Очир болон Захирлын ажлын албаны Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Ш.Мэндбаяр нар байлцлаа.

Д.Бадарч захирал уулзалтын эхэнд шинээр томилогдсон элчин сайдыг хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлээд ажилд нь амжилт хүслээ. Захирал Д.Бадарч Япон Улсын зүгээс Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарт оруулж байгаа өндөр хувь нэмрийг онцлон дурдав. Тэрбээр, “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд МУИС-д дэд бүтцийн болон оюуны томоохон хөрөнгө оруулалт хийж залуу эрдэмтэн судлаачдад том дэмжлэг үзүүлж буй талаар талархан тэмдэглэв. Захирал Д.Бадарч МУИС-ийн талаар болон салбар нэгжүүдийн үйл ажиллагааны талаар болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн тухай мэдээлэл өгөв.

Элчин сайд И.Масарү хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийлээд хоёр орны боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр Элчин сайд  Японы “Nippon Foundation” байгууллагын дэмжлэгээр Токиогийн бодлогын судалгааны хүрээлэнгээс хэрэгжүүлдэг “The Read Japan Project” төслөөс олгосон 35 номыг МУИС-д хүлээлгэн өгөв. Энэхүү төсөл нь дэлхийн их сургуулиуд, судалгааны байгууллагуудад Япон орны тухай англи хэлээр хэвлэгдсэн номыг хүргэн, Японы талаар илүү өргөн хүрээнд ойлголт өгөх зорилготой юм.
Уулзалтын дараа Элчин сайд М.Игавахара гэргий болон Д.Бадарч захирлын хамт Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

ЗАХИРЛЫН АЖЛЫН АЛБА

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар