Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан дотоодын их, дээд сургуулиудын оюутнуудын дунд эсээ бичлэгийн уралдаан зохион байгуулжээ. Уралдааны дүнг танилцуулж 2024 оны нэгдүгээр сарын 11-ний танилцуулж, шалгарсан бүтээлийн шагналыг Төрийн ордонд гардууллаа. Парламентын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, оюутан, залууст парламентын боловсрол, мэдлэг олгох, хууль тогтоох дээд байгууллагын ил тод, нээлттэй байдлын талаарх шинэ чиг хандлага, үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Миний мэдэх парламент” сэдэвт уралдаанд нийт 46 оюутны эсээ бичлэгийг хүлээн авснаас эхний шатанд 15, сүүлийн шатанд 4 нь сонгогдон шалгарчээ.
Эсээ бичлэгийн уралдааны тэргүүн байранд МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Төрийн Удирдлагын хөтөлбөрийн III түвшний оюутан С.Оюунбилэг, дэд байранд тус сургуулийн Улс төр судлалын хөтөлбөрийн IV түвшний оюутан Б.Цэнд, шалгарч, мөнгөн шагнал, дурсгалын зүйлс гардан авлаа. Шагналыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар нар гардуулав. Мөн уралдаанд оюутнуудаа идэвхийлэн оролцуулж, зөвлөн чиглүүлсэн МУИС-ийн УТСОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын Тэнхимийн ахлах багш Др. Г.Мягмар болон багш Т.Ганчимэг нарыг урамшуулжээ.
Нийтийн Удирдлагын Тэнхим
Улс Төр Судлал, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар