Монгол Улсын Их Сургуулийн Захирлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/619 тоот тушаалаар “МУИС-ийн багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрэм”, Монгол Улсын Их Сургуулийн Ректорын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/01 тоот тушаалаар “Судалгааны ажлын ёс зүйн журам” тус тус батлагдсан. Дүрмийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасны дагуу МУИС-ийн Ёс Зүйн Хорооны даргыг сонгох сонгууль 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр болсон. Сонгуулийн үр дүнг баталгаажуулан МУИС-ийн Ректорын тушаал гарсан бөгөөд Ёс зүйн хорооны даргаар томилогдсон хууль зүйн доктор, дэд профессор Д.Янжинхорлоо ажлаа хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
МУИС-ийн Ёс зүйн хорооны эхний хурлыг 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдөр бүрэлдэхүүн болон харьяаллын сургуулийн Ёс зүйн зөвлөхүүдтэй уулзан, цаашид хийх ажлын талаар ярилцав.
Ёс зүйн хороо нь МУИС-д ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг ханган ажиллах, ёс зүйн дүрэм болон ёс зүйн хэм хэмжээг сурталчлах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ноцтой зөрчилд холбогдох өргөдөл, гомдол, мэдээлэл болон давж заалдах гомдлыг хүлээн авч маргаан таслах ажиллагааг эхлүүлэх, маргаан таслах бүрэлдэхүүнийг томилох үндсэн чиг үүрэгтэй байнгын ажиллагаатай нэгж байна.
Ёс зүйн хорооны хаяг:
- И-мэйл: ethicscom@num.edu.mn
- Утас: 75754400-1169
- Байршил: Багш, оюутны хөгжлийн төвийн 201 тоот өрөө
МУИС-ийн ЁС ЗҮЙН ХОРОО