МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимээс санаачилсан “Урлаг, утга зохиол судлал: инновац (ICIAL 2024)” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр амжилттай зохион байгуулав.
Тус хурал нь юуны өмнө урлаг, утга зохиолын онол, түүх, инновацын чиглэлээр судалгаа хийдэг гадаад, дотоодын судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, өнөө цагийн судалгааны онол, арга зүйн шинэ чиг хандлага, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэх, тодорхой шийдэл санал, санаачилгуудыг гаргаж ирэх, салбар дундын судалгааг дэмжих, тэрхүү судалгаандаа суурилсан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэлгэрүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ мэдлэг бүтээх, түгээхийг зорьж буйгаараа онцлог байлаа.
Хүндэтгэлийн нэгдсэн хуралдаанаас гадна аман зохиол, бичгийн уран зохиол, урлаг судлал гэсэн үндсэн гурван салбараар хуралдсан Монгол, ОХУ, БНХАУ, Турк, Солонгос, Герман, Франц, Чех зэрэг орны зуу орчим эрдэмтэн судлаачдаас гадна урлаг, утга зохиолын салбарын уран бүтээлчид, оюутан суралцагчид өргөнөөр оролцлоо.
Урлаг, утга зохиолын инновацын чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байгаа эрдэмтэн судлаачдын ололт амжилтыг олон нийтэд түгээн таниулах, тэдний дуу хоолойг хүргэхээс гадна салбар дундын судалгааг нэмэгдүүлэх, судлаачдыг бүтээлч үйлдвэрлэлийн төлөөлөлтэй холбох, хамтын ажиллагааг тал талдаа идэвхжүүлэн өрнүүлэх шинэ орон зай, шинэ боломжийг нээж өгөхөд энэхүү хурал зохих дэмжлэг болох нь дамжиггүй. Энэ ч утгаараа МУИС нь тус хурлыг цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулах болно.
Мөн энэхүү хурлын үйл ажиллагааны хүрээнд МУИС-ийн Утга зохиол судлал хөтөлбөрийн магистрант Дэгжилт “Монгол уран бичлэгийн үзэсгэлэн”-гээ гаргасан байна.