МУИС-ийн багш ажилтан, оюутан та бүхэнд сургуулийн удирдлагын шийдвэр, алба хэлтэс, бүрэлдэхүүн сургуулиудын үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв санхүү, үйл явдлын мэдээ мэдээллийг ил тод нээлттэй, түргэн шуурхай хүргэх үүднээс 7 хоног бүрийн тойм мэдээллийн буланг нээж байна.
Захиргааны мэдээлэл
2012.02.18 – 22
- 2 сарын 20-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлаар МУИС-ийн 2013 оны төсөв, Монгол судлалын хүрээлэн болон Хэвлэлийн үйлдвэрийн 2012 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Бүрэлдэхүүн сургуулиудын захирлууд нягтлан бодогч нартайгаа эргэн ярилцаж төсвийг эцсийн байдлаар тохирохоор боллоо.
- МУИС-ийн Захиргаа, Төвлөрсөн сангийн ажилтнууд энэ сарын 22-ний өдрөөс эхлэн цагийн бүртгэлээ хурууны хээгээр өгөх журамд шилжлээ. more
- Хичээлийн 6-р байрны гадна орчинд дулааны шугам хоолойд гэмтэл гарсны улмаас тус байрны халаалт өнгөрсөн долоо хоногт доголдсон байна. УБДСТӨХ-өөс ирсэн мэдэгдлийн дагуу Түшээ дээд сургууль, Нэгдсэн үндэсний байр, Герман элчин сайдын яам, Зүүн сэлбэ өргөө, МУИС хамтран гэмтлийг оношилж, ойрын өдрүүдэд засахаар ажиллаж байна.
- Мэдээллийн технологийн албанаас МУИС-ийн сайтын англи хувилбарыг ашиглалтанд орууллаа. English
- Сонгон шалгаруулалтын дүнгээр ГГС-ийн туслах ажилтан Б.Ганболд, ЭЗС-ийн номын санч,аргазүйч Д.Довдонмаа, Төв номын санд номын санч Ц.Гэрэлтуяа, Байгаль- эх лицей ахлах сургуульд түр багш С.Одонцацрал, мэргэжилтэн Д.Гандармаа нарыг ажилд авсан байна.
Оюутны мэдээлэл
2012.02.18 – 22
- Монгол үндэсний өв соёлыг оюутнууддаа сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, үндэсний хувцас, тоглоом наадгайгаараа бахархах сэдлийг төрүүлэх үүднээс оюутнууддаа “Айрагны баяр” өдөрлөгийг МУИСОХ-оос зохион байгууллаа. Өдөрлөгт ирэхдээ хүн бүр монгол дээлээрээ гоёж, уламжлалт зан заншил, тоглоом наадгай тоглож оньсого таавраар оюунаа сорив.
- Энэ жилийн өвлийн ээлжийн төгсөлтөөр бакалаврын сургалтыг 397 оюутан төгсөж, диплом олголт явагдаж байна. Мөн Магистрын өвлийн элсэлтэнд 400-аад хүн бүртгүүлснээс 200 гаруй оюутан болзол хангажээ. Магистрийн хичээл ирэх 3 сарын 1-ээс эхэлнэ.
- Сумимото корпорацийн нэрэмжит тэтгэлэгт хүсэлт гаргах оюутуудын материалыг хүлээж авах хугацаа дууслаа. Оюутанд үйлчлэх төвөөс Сумитомо Корпорацид хүсэлт тавьсны үндсэн дээр тэтгэлэг олгох оюутны тоо болон тэтгэлэгийн хэмжээг нэмэгдүүлсэн нь 2012-2013 оны хичээлийн жилд тэтгэлэг хүсэгчдийн хуьд илүү олон хүн хамрагдах боломжтой байгаагаараа онцлогтой байна.
- Монгол үндэстний язгуур урлагийг Тайваний залууст таниулах, сурталчлах, хоёр орны залуусын хамтын ажиллагааг идэвхижүүлэн хөгжүүлэх, соёлын солилцоог бий болгох зорилготойгоор Тайваний их сургууль МУИС-ийн 70 жилийн ойн Хүндэтгэлийн тоглолтонд оролцсон оюутан залуусаас бүрдсэн багийг урьсан юм. Энэ долоо хоногт бүрэлдэхүүнийхээ сонгон шалгаруулалтыг хийж, бэлтгэлдээ оржээ.
- Оюутанд Үйлчлэх Төв, “Өглөөний хүн” клубээс хамтран “Сэргэг өглөө” аяныг гадаад оюутны дотуур байранд амжилттай зохион байгууллаа.
Ярилцлага
2012.02.18 – 22
А.Галтбаяр : “Дараагийн 9 сарын 1 ойрхон байна”
Фото
2012.02.18 – 22