Олон улсын Скопус (Scopus) мэдээллийн санд бүртгэлтэй төрийн өмчийн 6 их сургууль, ШУА-ийн судлаачдын бүтээлд байгууллагын нэрийн баталгаажуулалт хийх тухай ажил гүйцэтгэх гэрээнд ШУТИС-ийг төлөөлж Эрдэм шинжилгээ, технологи эрхэлсэн проректор, профессор Д.Цолмонбаатар, МУБИС-ийг төлөөлж Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор Б.Хоролдагва, АШУҮИС-ийг төлөөлж Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан проректор, дэд профессор Ц.Билэгтсайхан, ХААИС-ийг төлөөлж Эрдэм шинжилгээ, инновацын газрын захирал, дэд профессор Э.Төмөртогтох, СУИС-ийг төлөөлж Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор, профессор Ж.Эрхэмтөгс нар МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор С.Гомбобаатартай гарын үсэг зурлаа.
Нэрийн баталгаажуулалт хийх нь байгууллага тус бүрийн Скопуст бүртгэлтэй эрдэм шинжилгээний бүтээл болон эшлэлийн тоо нэмэгдэх, сургуулийн “H”-индекс өсөхөд чухал ач холбогдолтой ажил бөгөөд МУИС-аас дэвшүүлсэн гэрээ байгуулан хамтран ажиллах саналыг төрийн өмчийн бусад их сургууль, ШУА дэмжсэнд МУИС-ийн эрдмийн хамт олон талархаж байна.
Гэрээний хүрээнд МУИС, ШУТИС, МУБИС, АШУҮИС, ХААИС, СУИС-ийн эрдэмтдийн Скопус мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүл, ном, хурлын эмхэтгэлд хэвлэгдсэн бүтээлүүдэд байгууллагын нэрийн баталгаажуулалт (profile refinement)-ыг 2025 оны 9 сард багтаан гүйцэтгэнэ. Нэрийн баталгаажуулалт хийхэд шаардлагатай хэвлэгдсэн бүтээлийн өгөгдөл цуглуулах, нэгтгэх, боловсруулах, улмаар эрдэм шинжилгээний бүтээл тус бүрийн зохиогчийн харьяалагдах байгууллагын нэрийн зөрүүтэй байдлыг арилгах зэрэг өөрчлөлт бүрэн хийгдэх юм. Мөн гэрээнд гарын үсэг зурсан сургуулиуд бүтээлд өөрийн болон байгууллагын нэрээ хэрхэн бичих, энэ чиглэлээр цаашид анхаарах тухай товч удирдамжийг оюутан, судлаач, багш нартаа зориулан хамтран гаргахаар ажиллаж байна.