ОХУ-ын Санкт-Петрбург хот дахь Герцений нэрэмжит багшийн их сургуулийн (Российский государственный педагогический университет им. А. И. Герцена) ректор проф. С.В.Тарасов тэргүүтэй төлөөлөгчид МУИС-д айлчилж Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
МУИС-ийн ректор Б.Очирхуяг зочдыг хүлээн авч уулзаж буйдаа талархлаа илэрхийлээд өнгөрсөн 7 дугаар сард ОХУ-ын Улаан-Үүд хотноо зохион байгуулагдсан Орос-Монголын их, дээд сургуулиудын ректоруудын форумын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд боловсролын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал нэгдсэн энэ цаг үед тус сургуультай гэрээнд гарын үсэг зурж хамтын ажиллагааны цаашдын чиглэлүүдийн талаар санал солилцож буй нь олзуурхууштай үйл явдал хэмээн онцлов.
Ректор С.В.Тарасов ОХУ-ын томоохон их сургуулиудын нэг болох А.И. Герцений нэрэмжит багшийн их сургууль нь 1797 онд байгуулагдсан эртний түүхтэй сургууль бөгөөд эдүгээ 26 мянга гаруй оюутантай, 3000 орчим багш, ажиллагсадтай, 10 факультет, 3 салбар сургуультай үйл ажиллагаагаа явуулдаг талаар товч мэдээлэл өглөө.
Тэрээр үргэлжлүүлэн хамтын ажиллагааг эрдэм шинжилгээ, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, оюутнуудыг богино хугацааны солилцоонд болон, өвөл, зуны хөтөлбөрүүдэд хамруулах, тус сургуулиас багш нар МУИС-д ирж хичээл, сургалт явуулах, түүнчлэн хос диплом олгох хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг чиглэлүүдээр хамтрах бүрэн боломжтой талаар саналаа хэллээ.
Ректор Б.Очирхуяг эдгээр саналуудыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлээд МУИС-ийн зүгээс орос хэлний багш, оюутнуудыг төдийгүй байгалийн ухааны багш, эрдэмтдийн мэргэшил дээшлүүлэх, чадавхжуулах сургалтыг зохион байгуулах нь илүү үр дүнтэй байх боломжтойг дурдлаа. Мөн тэрээр орос хэлний багш бэлтгэх болон хэл шинжлэлийн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, хоёр сургуулийн эрдэмтэд хамтарсан сангуудад төсөл мэдүүлэх, боловсрол судлалын чиглэлээр сургалтын хөтөлбөрийг сайжруулах, багш нарыг чадавхжуулах зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллах хэрэгцээ буйг онцлов. Хоёр сургуулийн ректорууд Санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан ажиллах тал дээр санал нэгдлээ.
Профессор ректор С.В.Тарасов хоёр сургуулийн хооронд олон талт хамтын ажиллагааг бодитой бөгөөд үр дүнтэй хэрэгжүүлэхэд МУИС-ийг түшиглэн орос хэлний нээлттэй боловсролын төв байгуулах талаар боломжийг судалж үзэхийг МУИС-ийн удирдлагуудаас хүслээ.
Уулзалтад Герцений нэрэмжит багшийн их сургуулийн талаас ректор С.В.Тарасов, Үйл ажиллагаа эрхэлсэн проректор Т.Г.Рыборецкая, Гадаад харилцаа эрхэлсэн проректор С.А.Шеремет нар, МУИС-ийн зүгээс ректор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр нар оролцлоо.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР