Ази, Номхон Далайн Сансрын Хамтын Ажиллагааны ОУ-ын Байгууллага (APSCO)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Жян Ху тэргүүтэй төлөөлөгчид МУИС-д зочиллоо.
Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авч уулзаж буйд нь МУИС-ийн удирдлагад талархлаа илэрхийлээд APSCO байгууллагын тэргүүлэх чиглэл нь гишүүн орнуудын сансрын технологийн чиглэлээр хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх явдал гэдгийг онцоллоо. Тэрээр үргэлжлүүлэн тус байгууллагын үйл ажиллагааны доорх чиглэлүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Үүнд:
- БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэг (CSC) болон APSCO-гийн онгоцны нислэгийн зардлын буцаан олголтын дэмжлэгтэйгээр гишүүн орнуудын оюутнуудыг сансар судлалын чиглэлээр Beihang University (BUAA), Zhejiang University (ZJU), Harbin Institute of Technology (HIT), Beijing Institute of Technology (BIT), Northwestern Polytechnical University (NPU) сургуулиудад магистр, докторын боловсролын зэрэг олгох гүнзгийрүүлсэн сургалтууд;
- Сансрын салбарын олон чиглэлээр богино хугацааны сургалтууд;
- Оюутны микро хиймэл дагуулын төсөл (SSS Project)-ийн туршлага ба үр дүнгээр дамжуулан хиймэл дагуулын зохион бүтээлт, хөгжүүлэлт, ашиглалтын ур чадвар эзэмшүүлэх практик сургалт;
- 35-аас доош насны залуу эрдэмтдэд дэвшилтэт шинжлэх ухаан, технологийн мэдлэг олгох богино хугацааны сургалт, шинжилгээний хөтөлбөрүүд;
- Өгөгдөл хуваалцах үйлчилгээний платформ (DSSP) – БНХАУ-ын хиймэл дагуулын өгөгдлийг гишүүн орнуудад үнэ төлбөргүй ашиглуулах, түүнчлэн мэдээлэл боловсруулах сургалт;
- DSSP ашиглан Хятадын хиймэл дагуулын өгөгдлүүдийг ашиглан байгаль орчны болон байгалийн гамшигт үзэгдлийн мониторинг, зайнаас тандан судлалын технологийн хөгжүүлэлт чиглэлээр гишүүн орнуудын хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх;
- APSCO байгууллагын Сансрын шинжлэх ухааны одон орон ажиглалтын төвөөс гишүүн орон бүрд 60 см-ийн оптик телескоп суурилуулахад санхүүжилт олгож, сансар дахь биетүүд, хог хаягдлыг хамтын ажиглалт хийх;
- APSCO Сансрын Их Сургууль (APSU)-Сансрын шинжлэх ухааны чиглэлийн дэлхийн шилдэг их сургуулиудыг холбон, гишүүн орнуудад STEM боловсролын нөөц боломжийг хуваалцах, Хятадын дэвшилтэт боловсролын тогтолцоог танилцуулах зорилготой шинэ санаачилга;
- Кубсат практик сургалтын багц (CHTP) – SSS төслийн амжилтад тулгуурлан CubeSat сургалт, боловсролын шилдэг туршлагыг түгээх талаар болон
- Залуу судлаачдын хиймэл дагуул бүтээх, инновацад сонирхлыг нэмэгдүүлэх зорилготой APSCO-ийн Кубсат хиймэл дагуулын уралдаан (Азийн Кубсатын Тэмцээн төсөл (APSCO Cubesat Competition ACC) ) зохион байгуулдаг талаар онцоллоо.
МУИС-ийн ректор Б.Очирхуяг Ерөнхий нарийн бичгийн даргыг айлчлан ирж хамтын ажиллагааны талаар санал солилцож буйд нь талархлаа илэрхийлээд 2012 оноос МУИС-ийн багш нар хамтран сансрын технологийн чиглэлээр богино болон урт хугацааны сургалтуудын талаар болон одоогийн байдлаар Газарзүйн тэнхимд-1, Физикийн тэнхимд -1 судалгааны төсөл тус байгууллагаас хэрэгжүүлж буйг талархан дурдлаа.
Др. Жян Хуй APSU-гийн хөгжилд их сургуулиуд тэргүүлэх үүрэгтэй байх ёстойг онцлон тэмдэглэж, МУИС-ийг санаачилгад идэвхтэй оролцож, үзэл бодол, шинэлэг санал дэвшүүлэхийг уриалав. Тэрээр зөвхөн төрийн бус, хувийн хэвшлийн нөөц бололцоог ч ашиглах шаардлагатайг нэмж дурдав.
Хатагтай Жян Ху үргэлжлүүлэн APSU-г хөгжүүлэх чиглэлээр БНХАУ-ын тэргүүлэх их сургуулиудтай хамтран ажиллаж буйгаа мэдэгдээд, APSCO болон МУИС-ийн хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэв.
МУИС-ийн удирдлага APSCO-ийн дэвшүүлсэн хамтын ажиллагааны санаачилгыг өндрөөр үнэлж, 11 сард зохион байгуулагдах APSCO Олон улсын эрх зүйн симпозиумд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төлөөлөгч оролцуулах, APSCO–MAS–Intersputnik-ийн хамтарсан арга хэмжээнд оролцох тус байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд судалгаа, шинжилгээний чиглэлээр манлайлан ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд Др. Жян Хуй APSU-гийн гол зорилго нь APSCO-ийн түнш их сургуулиудын олон улсын нэр хүндийг нэмэгдүүлэх, академик байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх явдал гэдгийг дахин тэмдэглэлээ.
Ази, Номхон Далайн Сансрын Хамтын Ажиллагааны ОУ-ын байгууллага (APSCO)-ын зохицуулагчаар 8 гишүүн улсын Засгийн газрын гишүүн байгууллагууд ажилладаг бөгөөд Монгол улсыг төлөөлж Цахим Хөгжил, Инновац, Харилцаа Холбооны Яам үндэсний зохицуулагчаар (country focal point)-аар ажиллаж байна.
Уулзалтад APSCO байгууллагыг төлөөлж Ерөнхий нарийн бичгийн дарга Жян Хуй, Санхүү ба Захиргааны газрын Ерөнхий захирал Ли Гаофэн, Ерөнхий нарийн бичгийн даргын туслах Лю Хаоян оролцсон бөгөөд Монголын талаас Цахим Хөгжил, Инновац, Харилцаа Холбооны Яамны Стратегийн төлөвлөлт ба хөтөлбөрийн удирдлагын газрын дэд ерөнхий захирал Ц. Гантөгс, МУИС-ийн ректор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, Газарзүйн тэнхимийн эрхлэгч дэд профессор Г.Бямбахүү, Физикийн тэнхимийн эрхлэгч дэд профессор Д.Эрдэнэбаатар нар оролцлоо.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР