БНСУ-ын Чанвон Үндэсний Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгууллаа

Share Button

БНСУ-ын Чанвон Үндэсний Их Сургуулийн төлөөлөгчид МУИС-д айлчилж, талууд 2022 онд байгуулсан оюутан солилцооны гэрээг шинэчлэн гарын үсэг зурлаа. Уулзалтын үеэр хоёр тал хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиглэлийн талаар өргөн хүрээнд санал солилцож, оюутан солилцооны хөтөлбөрийн дагуу нэг улиралд хүлээн авах оюутны тоо болон дотуур байрны зохицуулалттай холбоотой тодорхой өөрчлөлт оруулах, мөн Монгол Улсад эрэлттэй байгаа мэргэжлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов.

Чанвон Үндэсний Их Сургуулийн төлөөлөгчид сургуулийнхаа талаар товч танилцуулга хийж, кампусын орчин нь оюутны үйлчилгээ, спорт, чөлөөт цаг, соёл урлагийн байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, хоолны газраас бүрдсэн суралцахад таатай нөхцөл бүрдүүлсэн болохыг онцлон тэмдэглэлээ.

Уулзалтад Чанвон Үндэсний Их Сургуулийн талаас захирал, Др. Пак Минвон, Гадаад харилцааны албаны менежер Ён Гёнхван, Захиргааны газрын дэд дарга Кан Тэгү болон Захирлын ажлын албаны менежер Пак Сэён нар оролцсон бол МУИС-ийг төлөөлөн Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Проф. Б. Даваасүрэн, Хөрөнгө оруулалтын газрын дарга дэд.проф.Д. Бадмаанямбуу, Санхүү бүртгэлийн газрын дарга Н. Халиун, Хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Б. Нямсүрэн нар оролцлоо.

Энэхүү уулзалт нь өмнөх хамтын ажиллагааг бодит үр дүнд тулгуурлан шинэчилж, оюутан солилцоо болон хамтарсан үйл ажиллагааг илүү тогтвортой, зохион байгуулалттай хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж буй юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар