Олон улсын хурал зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн Бизнесийн сургууль, Нэг бүс нэг зам олон улсын хөгжлийн судалгааны академи болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран энэ оны 12-р сарын 05-ны өдөр “International Conference on Business, Innovation and Sustainable Development (ICBISD2025)” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 3 дах удаагаа амжилттай зохион байгууллаа. Хуралд Монгол, Арабын Нэгдсэн Эмират, Польш, Солонгос, Хятад улсын эрдэмтэн судлаачид өөрсдийн судалгааны ажлаа хэлэлцүүлэхээс гадна салбарын бодлого боловсруулагчид болон бизнесийн төлөөллүүд өргөнөөр оролцлоо.

Тус хурлыг үндсэн хэсэг, Санхүү, Нягтлан бодох бүртгэл болон Маркетинг, Худалдаа, Менежмент гэсэн салбараар зохион байгуулсан бөгөөд нийт 44 судалгааны ажил аман болон үзүүлэн хэлбэрээр оролцсоны 8 илтгэл нь үндсэн хэсэгт, 24 илтгэл хоёр салбарт тус тус хэлэлцэгдэж, 12 илтгэл үзүүлэн хэлбэрээр танилцуулагдлаа.

Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн салбарын шилдэг илтгэлийн шагналыг Бизнесийн сургуулийн НББ-ийн тэнхимийн ахлах багш Б.Болор, дэд профессор Б.Алтан-Эрдэнэ, ахлах багш Л.Хишигбаяр нарын “IPO Valuation in Mongolia: Comparing Traditional Approaches and the O95 Model for Improved Prediction” сэдэвтэй судалгааны ажил хүртсэн бол, Маркетинг, Худалдаа, Менежментийн салбарт Бизнесийн сургуулийн Маркетинг, худалдааны тэнхимийн дэд профессор Ч.Энхболд, дэд профессор Ө.Номинцэцэг, багш Т.Мөнх-Эрдэнэ, Сити их сургуулийн докторант А.Ганбаатар нарын “Tourist Satisfaction and Revisit Intention in Altai Tavan Bogd” сэдэвтэй судалгааны ажил шилдгээр шалгарсан юм.

Хурлын үеэр оролцогчид харилцан туршлага солилцож, тулгамдаж буй асуудлуудад шинэлэг шийдэл хайх, хариуцлагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг хэлэлцүүлэн, оролцогч улсуудын төлөөлөл хамтын судалгааны чиглэл, шинэ бодлогын санал, хамтарсан төслийн боломжуудыг тодорхойлон, ирээдүйн хамтын ажиллагааны суурийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан нь уг хурлын онцлог байлаа.

Тус хурлын зохион байгуулалт өндөр түвшинд явагдаж, оролцогчид агуулгын чанар, зохион байгуулалтын үр ашигтай байдлыг өндрөөр үнэлэн, цаашид улам өргөжүүлэн зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар