Хайж байна...

11, 12 дугаар сард байгууллагатай танилцах аялал зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн Оюутны хөгжлийн газар нь суралцагчдыг аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны бодит орчин, үйл ажиллагаа, үйлчилгээтэй танилцуулах, ажил мэргэжлийн чиг баримжааг дэмжих зорилгоор 2025 оны 11, 12 дугаар сард байгууллагатай танилцах аяллуудыг амжилттай зохион байгууллаа.

“Карьер хөгжлийн төв”-тэй танилцах аялал

Карьер хөгжлийн төвтэй танилцах аялалд NUM Career клубийн гишүүд хамрагдаж бүтэц, өдөр тутмын үйл ажиллагаа, оюутан залууст зориулан хэрэгжүүлж буй карьерын зөвлөгөө, ур чадвар хөгжүүлэх сургалт, мэргэжилтэй танилцах хөтөлбөр, ажил мэргэжлийн зуучлах үйлчилгээг хэрхэн зохион байгуулж, хэрэгжүүлдэг талаар төвийн мэргэжилтнүүдээс дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

Энэхүү аялал нь клубийн гишүүдэд ирээдүйн карьерын төлөвлөгөөг бодитойгоор боловсруулахын зэрэгцээ, цаашид суралцагчдад туршлагад суурилсан зөвлөгөө, мэдээлэл хүргэхэд чухал ач холбогдолтой байв.

“Оюу Толгой” компанийн төв оффистой танилцах аялал

Оюу толгой нь Монгол Улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй олон улсын хэмжээний томоохон төсөл хэрэгжүүлэгч компани бөгөөд дэвшилтэт менежмент, байгууллагын соёлоороо онцлог юм.

Компанийн төв оффистой танилцах аяллыг МУИС-ийн “Багш, оюутны хөгжлийн төв”-өөс эхэлж, оюутнууд компанийн төв оффист очин байгууллагын бүтэц зохион байгуулалт, уул уурхайн томоохон төслийн менежмент, хүний нөөцийн бодлого, залуу мэргэжилтнүүдэд тавигддаг шаардлагын талаар компанийн төлөөллөөс мэдээлэл авлаа.

Ингэснээр оюутнууд олон улсын хэмжээний компанийн ажлын орчин, байгууллагын соёлыг бодитоор мэдэрч, ирээдүйн ажил мэргэжлийн чиг баримжаа, карьерын зорилгоо илүү тодорхойлох боломж бүрдсэн юм.

“MCS Coca Cola” компанитай танилцах аялал

MCS Coca Cola нь Монгол Улсад ундаа, ус, шингэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, олон улсын стандарт бүхий үйлдвэрлэлийн компани юм.

Тус компанийн ундааны үйлдвэртэй танилцах аяллыг оюутнуудын мэргэжлийн чиг баримжааг дэмжих, үйлдвэрлэлийн бодит орчинтой танилцуулах зорилгоор зохион байгуулж, аяллын хүрээнд оролцогчид ундааны үйлдвэрлэлийн шугам, түүхий эдийн чанарын хяналт, сав баглаа боодлын процесс, агуулах, ложистикийн зохион байгуулалт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны бодит хэрэгжилттэй газар дээр нь танилцлаа.

Мөн компанийн үйл ажиллагаа, байгууллагын соёл, хүний нөөцийн бодлого, карьер хөгжлийн боломжуудын талаар мэргэжилтнүүдээс дэлгэрэнгүй мэдээлэл авч, сонирхсон асуултад хариулт авсан юм.

Энэхүү аялал нь оюутнуудад онолын мэдлэгээ практиктай уялдуулах, үйлдвэрлэлийн салбарын бодит үйл ажиллагааг ойлгоход чухал ач холбогдолтой байв.

Цаашид оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, байгууллага–оюутны хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтарсан танилцах аялал, уулзалтуудыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд дараагийн танилцах аяллыг прокурорын байгууллагын үйл ажиллагаа, чиг үүргийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газар-т зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл авах бол NUM Career хуудсыг дагаарай.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар