Хайж байна...

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид зочиллоо

Share Button

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кристоф Кэмп болон Дээд комиссарын Ажлын албаны Улс төрийн зөвлөх Ануар Аяазбеков нар Монгол Улсын Их Сургуульд зочиллоо.

Зочдыг МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Ц.Баатарчулуун хүлээн авч уулзан, Монгол Улс дахь болон олон улсын түвшин дэх үндэсний цөөнхийн боловсрол эзэмших эрх, боловсролын хүртээмж, хэл соёлын онцлогийг хадгалах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Дээд комиссар Кристоф Кэмп Монгол Улсыг ардчилал, энх тайвны үнэт зүйлсийг эрхэмлэн хөгжүүлж буй орны хувьд тус улсад үндэсний цөөнхийн асуудал хурц хэлбэрээр илэрдэггүйг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр Монгол улс дахь казах иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, төрөлх болон монгол хэл дээрх сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх, багшлах боловсон хүчнийг хөгжүүлэх чиглэлээр МУИС болон Боловсролын яамнаас хэрэгжүүлж буй бодит арга хэмжээ, бодлогын талаар сонирхон асууж тодруулсан юм.

Мөн тэрээр үндэсний цөөнхийн асуудал нь зөвхөн тухайн улсын дотоодын асуудал бус, улс орнууд энх тайван, эв нэгдэлтэй зэрэгцэн орших чухал суурь нөхцөл болдгийг онцолж, хэл, соёлын ялгааг хүндэтгэн хамгаалах нь нийгмийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг дурдлаа.

Проректор Ц.Баатарчулуун Монгол Улсад үндэсний цөөнхийг ялгаварлан гадуурхах үзэл нийтлэг биш бөгөөд төрөөс боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөр, дэмжлэгийн бодлого хэрэгжүүлж байгааг танилцууллаа. Түүнчлэн МУИС нь үндэсний цөөнхийн оюутнуудыг дэмжих, тэдний боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж буйг тэмдэглэв.

Ноён Кристоф Кэмп Европын зарим оронд сүүлийн жилүүдэд цагаачлалын урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор үндэсний цөөнхийн асуудал илүү мэдрэг түвшинд яригдаж байгааг дурдсан юм. Тэрбээр ийм нөхцөлд хос хэлний боловсролыг дэмжих, багшлах хүний нөөц болон сурах бичгийг хоёр хэл дээр бэлтгэх нь хэл, соёлын ялгаанаас үүдэлтэй үл ойлголцол, зөрчил маргаанаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга болохыг онцоллоо.

Уулзалтын дараа Дээд комиссар Кристоф Кэмп МУИС-ийн УТОУХНУС-ийн оюутнуудад “Эмзэг аюулгүй байдлын нөхцөл дэх үндэсний цөөнхийн асуудлууд” сэдвээр лекц уншиж, олон улсын аюулгүй байдал, нийгмийн эв нэгдэл, үндэсний цөөнхийн эрхийн хамгаалалтын талаар сонирхолтой илтгэл тавьж, оюутнуудын асуултад хариуллаа.

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

УТОУХНУС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар