Хайж байна...

Казахстаны дээд боловсролын байгууллагуудын төлөөлөгчид зочиллоо

Share Button

Бүгд Найрамдах Казахстан Улсын тэргүүлэх их, дээд сургуулиудын удирдах түвшний төлөөлөгчид МУИС-д зочиллоо.  Уулзалтад Казахстаны Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны харьяа Ахисан түвшний боловсролын хороо, Дээд боловсролыг хөгжүүлэх үндэсний төв, мөн тус улсын тэргүүлэх их, дээд сургуулиудын удирдлага, төлөөлөл оролцсон бөгөөд нийт 20 дээд боловсролын байгууллагын төлөөлөл байлцлаа. МУИС-ийн талаас Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор Ц.Баатарчулуун, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, Европ судлалын тэнхимийн профессор Б.Алтангүл болон Хамтын ажиллагааны газрын төлөөлөл оролцов.

Казахстаны төлөөлөгчид нь 2026 оны 5 дугаар сарын 13–14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Study in Kazakhstan” боловсролын олон улсын үзэсгэлэнд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн бөгөөд тус үзэсгэлэн нь  хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Казахстан улсад дээд боловсрол эзэмших боломж, сургалтын хөтөлбөр, тэтгэлэг, оюутан солилцоо, хамтарсан болон хос дипломын хөтөлбөрүүдийг танилцуулах зорилготой юм.

Уулзалтын үеэр талууд Монгол, Казахстаны дээд боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн академик харилцааг идэвхжүүлэх, оюутан, багш, судлаач солилцоо, хамтарсан судалгаа, сургалтын хөтөлбөр, мэргэжлийн болон судалгааны чиглэлийн түншлэлийг хөгжүүлэх талаар санал солилцов. Мөн Казахстаны дээд боловсролын шинэчлэл, чанарын баталгаажуулалт, олон улсын жишиг үнэлгээ, их сургуулиудын олон улсын хамтын ажиллагааг бодлогын түвшинд дэмжиж буй чиглэлүүдийг онцлон хэлэлцэв.

Казахстан Улс нь сүүлийн жилүүдэд дээд боловсролын чанар, олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, их сургуулиудын судалгаа, инновацын чадавхыг бэхжүүлэх, олон улсын магадлан итгэмжлэл, академик солилцоо, дижитал технологийн нэвтрүүлэлтийг дэмжих бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд “Study in Kazakhstan” үзэсгэлэнгээр дамжуулан инженерчлэл, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, анагаах ухаан, боловсрол, бизнес, олон улсын харилцаа зэрэг эрэлттэй чиглэлийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдийг Монголын сурагч, оюутан, боловсролын байгууллагуудад танилцуулсан байна.

МУИС-д айлчилсан Казахстаны дээд боловсролын байгууллагуудын төлөөлөлд дараах их, дээд сургуулиуд багтлаа. Үүнд:

  1. Г.Даукеевын нэрэмжит Алматыгийн Эрчим хүч, харилцаа холбооны их сургууль болон Казахстан дахь Анхальтын Хэрэглээний Шинжлэх Ухааны Их Сургуулийн салбар
  2. Алматыгийн Технологийн Их Сургууль
  3. Манаш Козыбаевын нэрэмжит Хойд Казахстаны Их Сургууль
  4. Тураны Их Сургууль
  5. Алкей Маргуланы нэрэмжит Павлодарын Багшийн Их Сургууль
  6. Ташеневийн Их Сургууль
  7. Сарсен Аманжоловын нэрэмжит Зүүн Казахстаны Их Сургууль
  8. А.К. Кусайновын нэрэмжит Евразийн Хүмүүнлэгийн Хүрээлэн
  9. Академич Е.А. Букетовын нэрэмжит Карагандын Үндэсний Судалгааны Их Сургууль
  10. Казпотребсоюзын Карагандын Их Сургууль
  11. Рудный Аж Үйлдвэрийн Их Сургууль
  12. Казахын Үндэсний Эмэгтэйчүүдийн Багшийн Их Сургууль
  13. К.И. Сатпаевын нэрэмжит Казахын Үндэсний Судалгааны Техникийн Их Сургууль
  14. Олон улсын боловсролын корпораци — Казахстаны Архитектур, Барилгын Инженерийн Тэргүүлэх Академи
  15. Д.Серикбаевын нэрэмжит Зүүн Казахстаны Техникийн Их Сургууль
  16. Кенжегали Сагадиевын нэрэмжит Олон улсын Бизнесийн Их Сургууль
  17. С. Утебаевын нэрэмжит Атыраугийн Газрын Тос, Хийн Их Сургууль
  18. Казахын Усны Менежмент ба Усжуулалтын Үндэсний Их Сургууль
  19. Хериот-Ватт Их Сургуулийн Казахстан дахь салбар
  20. Иргэний Нисэхийн Академи

Уулзалтын хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн танилцуулга, хоёр талын байгууллагуудын танилцуулга, хамтын ажиллагааны боломжийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, дараа нь төлөөлөгчид МУИС-ийн Номын сан болон Франкофон хамтын ажиллагааны төвтэй танилцав.

Энэхүү уулзалт нь МУИС Төв Азийн дээд боловсролын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, боловсрол, судалгаа, инновац, академик солилцооны чиглэлээр шинэ түншлэл бий болгох чухал боломж боллоо. Цаашид талууд инженерчлэл, технологи, боловсрол, хүмүүнлэг, бизнес, бүс нутаг судлал, усны менежмент, эрчим хүч, тээвэр, зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг талууд харилцан тэмдэглэв.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар