Монгол Улсын Их Сургууль (МУИС) болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Наланда Их Сургууль 2026 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурж, эрдэм шинжилгээ, боловсрол, соёлын хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах чухал алхам хийлээ.
Гарын үсэг зурах ёслолд МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор Ц.Баатарчулуун, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, Философи, шашин судлалын тэнхимийн эрхлэгч Ц.Нямсүрэн тэргүүтэй багш нарын төлөөлөл, мөн БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны төлөөлөл болон Наланда Их Сургуулийн дэд захирал (Vice Chancellor) профессор Сачин Чатурвэди нар оролцов.



Уулзалтын үеэр талууд их сургуулиудын танилцуулгыг хийж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцов. Тухайлбал, буддын шашин, философи, соёл иргэншлийн судалгаа, санскрит болон төвөд хэлний сургалт, эрдэм шинжилгээний хамтарсан төсөл, багш, оюутан солилцоо, хамтарсан докторын хөтөлбөр, гар бичмэл болон түүхэн эх сурвалжийг дижиталжуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа.

Наланда Их Сургуулийн дэд захирал профессор Сачин Чатурвэди уулзалтын үеэр Энэтхэг, Монголын олон зуун жилийн түүхэн холбоо, буддын шашин, мэдлэгийн уламжлалаар холбогдсон оюуны өвийн талаар илтгэл тавьж, Наландагийн эртний мэдлэгийн уламжлал болон орчин үеийн олон улсын их сургуулийн хөгжлийн үзэл баримтлалыг танилцуулсан юм.
Мөн талууд Монгол, Энэтхэгийн эртний соёл иргэншлийн харилцааг орчин үеийн академик хамтын ажиллагаагаар баяжуулж, түүх, буддын өв, хэл шинжлэл, тогтвортой хөгжил, энх тайван, соёл хоорондын ойлголцлыг дэмжих чиглэлээр хамтарсан судалгаа, сургалтын санаачилгуудыг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Энэхүү Санамж бичиг нь хоёр их сургуулийн хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, Монгол, Энэтхэгийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Уулзалтын төгсгөлд Наланда их сургуулийн төлөөлөгчид МУИС-ийн анхны хүндэт доктор цолоор 1957 онд өргөмжлөгдсөн БНЭУ-ын дэд ерөнхийлөгч Сарвепалли Радхакришнаны самбарт зочилж хүндэтгэл үзүүллээ.


Наланда Их Сургуулийн тухай: Энэхүү сургууль нь Энэтхэг улсын Бихар мужийн Ражгир хотод байрладаг олон улсын их сургууль бөгөөд эртний Наландагийн их сургуулийн уламжлалыг сэргээн байгуулсан орчин үеийн боловсрол, судалгааны төв юм.
Эртний Наланда нь МЭ V–XII зууны хооронд Азийн хамгийн нэр хүндтэй сургалтын төвүүдийн нэг байсан бөгөөд 10,000 гаруй оюутан, эрдэмтдийг хүлээн авч, Энэтхэг, Төв Ази, Төвөд, Хятад, Зүүн Өмнөд Азийн оюуны солилцооны гол төв болж байжээ. Орчин үеийн Наланда Их Сургууль нь 2010 онд Энэтхэгийн Парламентын хуулиар байгуулагдсан бөгөөд Азийн олон улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон их сургууль юм. Тус сургууль нь:
- 30 гаруй орны оюутан суралцдаг олон улсын кампустай
- Сургалтын хөтөлбөрийн ихэнх нь олон улсын чиг баримжаатай
- Тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй “Net-Zero Campus”загварыг хэрэгжүүлдэг
- Олон улсын харилцаа, энх тайван судлал, түүх, буддын судлал, экологи, тогтвортой хөгжил зэрэг чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг.
Наланда Их Сургууль нь дараах үндсэн судалгааны чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг.
- Түүх судлал
- Буддын судлал ба харьцуулсан шашин судлал
- Экологи, байгаль орчны судлал
- Олон улсын харилцаа ба энх тайвны судлал
- Хөгжил ба тогтвортой байдлын судалгаа
- Хэл, уран зохиол, хүмүүнлэгийн ухаан
- Менежмент ба тогтвортой хөгжлийн судалгаа
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
ФИЛОСОФИ, ШАШИН СУДЛАЛЫН ТЭНХИМ

