Өнөөдөр /2026.06.22/ МУИС болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар хооронд “JICA Chair” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгуулж, гарын үсэг зурлаа.

Ёслолын арга хэмжээнд МУИС-ийн талаас Ректор, профессор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор Ц.Баатарчулуун, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, мэргэжилтэн Г.Наргил нар болон ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ, Засаглалын албаны хөтөлбөрийн мэргэжилтэн Ц.Буянжаргал нар оролцлоо.


Хоёр байгууллагын хамтын ажиллагаа нь дээд боловсрол, хүний нөөцийн хөгжил, судалгаа шинжилгээний олон жилийн түншлэлд тулгуурлан тасралтгүй хөгжиж ирсэн бөгөөд энэхүү удаагийн шинэчлэл нь уг харилцааг дараагийн шатанд гаргах чухал алхам болж байна.
Шинэчлэн байгуулсан санамж бичиг нь “JICA Chair” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих бөгөөд Япон улсын хөгжлийн туршлага, засаглал, эдийн засаг, эрх зүйн бодлогын чиглэлээр мэдлэг солилцох, сургалт, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд жил бүрийн хичээлийн жилд зохион байгуулагдах тусгай лекц, академик арга хэмжээнүүд нь Япон улсын хөгжлийн бодлого, туршлагыг суралцагчид, судлаачдад ойртуулах, олон улсын түвшний мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Санамж бичиг нь МУИС, ЖАЙКА-ийн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, хоёр улсын боловсрол, судалгааны салбарын харилцаанд бодитой үр өгөөж авчрах ач холбогдолтойг талууд онцлон тэмдэглэлээ.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

