Хайж байна...

БНПУ-ын Варшавын их сургуультай оюутан солилцооны гэрээ байгууллаа

Share Button

МУИС, Бүгд Найрамдах Польш Улсын Варшавын их сургуультай оюутан солилцооны гэрээ байгууллаа. Оюутан солилцооны гэрээний хүрээнд хоёр их сургууль жил бүр нэг семестрээр тус бүр хоёр хүртэл оюутан харилцан солилцох бөгөөд цаашид харилцан тохиролцсоны үндсэн дээр энэ тоог нэмэгдүүлэх боломжтой юм. Солилцооны оюутнууд хүлээн авагч их сургуулийн сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөхөөр гэрээнд тусгажээ.

Варшавын их сургууль нь Монгол судлалын чиглэлээр олон арван жилийн баялаг уламжлалтай бөгөөд энэ чиглэлийн сургалт, судалгааг Европ тивд идэвхтэй хөгжүүлж ирснийг талууд онцлон тэмдэглэлээ. Мөн олон улсын хэмжээнд Монгол судлалын хүрээ тэлж буй өнөө үед Варшавын их сургуулийн оруулж буй хувь нэмэр, үүрэг оролцоо онцгой ач холбогдолтой болохыг дурдав.

Ректор Б.Очирхуяг хоёр их сургуулийн профессор, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь урт хугацааны түншлэлийн гол үндэс болохыг тэмдэглээд археологи, геологи зэрэг салбарын хамтарсан судалгааг эрчимжүүлэх, МУИС-д хамтарсан судалгааны төв байгуулах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг хөндөн ярилцлаа. Түүнчлэн Европын Холбооны санхүүжилттэй эрдэм шинжилгээ, инновацын төсөл, хөтөлбөрүүдэд хамтран оролцох боломжийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.

Гэрээ байгуулах уулзалтад МУИС-ийн талаас ректор, профессор Б.Очирхуяг, Шинжлэх ухааны сургуулийн захирал, профессор Б.Болд-Эрдэнэ, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Т.Эрдэнэ-Очир, Хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Г.Наргил нар оролцсон бол Варшавын их сургуулийн талаас тус сургуулийн проректор, профессор Эва Лена Крогулец, Геологийн факультетын декан, профессор Эва Фалковска, Ази, Африк судлалын факультетын декан, монгол, төвөд судлаач профессор Агата Барэя-Старжиньска, Биологи, химийн судалгааны төвийн дэд захирал профессор Конрад Завадзки, монгол судлаач доктор Ян Рогала нар оролцов.

МУИС болон Варшавын их сургууль нь 2023 онд хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгуулсан бөгөөд энэ удаагийн оюутан солилцооны гэрээ нь хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээ, агуулгыг улам өргөжүүлж, оюутан, багш, судлаачдын олон улсын солилцоо, хамтын судалгааг дэмжихэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар