НШУС-ийн Улс төр судлалын тэнхимээс “Монголын улс төр: Асуудал, эрэл, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг дөрөв дэх удаа зохиолоо. Ардчиллын алтан хараацай С.Зоригийн нэрэмжит танхимд чуулсан уг хуралд МУИС, ШУА,ШУТИС, МУБИС, Удирдлагын академи, УИХ-ын Тамгын газар, ҮАБЗ зэрэг судалгааны болон төрийн байгууллагын эрдэмтэд оролцож, илтгэл тавьлаа. Энэ үеэр тус хурлын зохион байгуулагчдын нэг Монголын улс төрийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, профессор Ц:Ганболдоос зарим тодруулгыг авлаа
– Энэ удаагийн хурлын онцлог нь юу бол?
– Өнгөрсөн жилийн хурал “Орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны хөгжил, хандлага” сэдвээр болсон. Түүгээр улс төрийг зөвхөн шинжлэх ухааных нь үүднээс дэлхийн чиг хандлагатай жишин авч хэлэлцсэн бол энэ жил Монголын улс төр гэдгийг онцолж авч үзлээ. Яагаад гэвэл 2011 он Монголын төрт ёсны түүхийн томоохон ойн баярууд тохиосон жил болж байна. Удахгүй тусгаар тогтнолын 100 жилийн ой болох гэж байна. Мөн шинэ сонгууль ойртож байна.
– Хурлын гол зорилго юу вэ?
– Өнөөгийн монголын улс төрийн үйл явц, хөгжилд анализ хийх гол зорилготой. Мэдээж хурлаар илтгэсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг олны хүртээл болгоно.Үүнээс гадна хурлын үеэр ардчиллын хөгжлийн тухай асуудлыг нэлээд гүнзгий ярилаа. Ер нь улс төрийн тэр дундаа ардчиллын хөгжил нь байнга арчилж тордож байхгүй бол замаасаа гажих, саармагжих дэлхийн хандлага байгааг судлаачид санал нэгтэй зөвшөөрлөө.
– Сонирхол татсан судалгааны ямар бүтээлүүд энэ үеэр танилцуулав?
– МУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх ҮАБЗ-ийн Мэдээлэл дүн шинжилгээний албаны дарга, доктор Ц.Даваадоржийн “Баялгаас үүдэлтэй зөрчил ба үндэсний аюулгүй байдал” гэсэн илтгэл хуралд оролцогсдын анхаарлыг их татлаа. Мөн улс төрийн намын хөгжил, төлөвшилтэй холбоотой асуудал судлаачдын анхаарлын төвд оршиж, үүнийг тойрч гол сонирхолтой хэлэлцүүлгүүд өрнөлөө.