“1 хором” аянд МУИС нэгдлээ

Share Button

Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг сүүлийн 5 жилийн судалгаагаар нийт гарсан гэмт хэргийн 30 орчим хувийг дангаараа эзэлж байгаа бөгөөд 2018 оны байдлаар энэ төрлийн гэмт хэргээс 88.6 хувийг нь бусдын биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг эзэлж байна.

Дээрх гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг нь судалж үзэхэд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, түүнчлэн уур бухимдлаа бариагүй,  хоорондын харьцаанаас үүдэлтэй маргаанаас болж ихээр үйлдэгджээ. Гэмт хэрэгт холбогдсон иргэнийг насны ангиллаар авч үзэхэд 18-29 насныхан 33 хувийг эзэлж байна.

Иймд цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, оюутан залуучууд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэднийг зөв хандлагад чиглүүлэх зорилгоор энэ оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд зохион явуулж байгаа “1 ХОРОМ” аянд оюутнуудын эерэг хандлагыг төлөвшүүлэх, ганц хормын уур бухимдлаа “УУЧЛААРАЙ” гэдэг үгээр сольё уриалгад нэгдүүлэх, цахим хаягтаа байршуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байна.

Монгол Улсын Их Сургууль нь цагдаагийн байгууллагатай хамтран 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр оюутан залуусын хамтаар “1 ХОРОМ” аянд нэгдлээ.

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС