Оюуны өмчийг бизнесийн эргэлтэд оруулах боломж нэмэгдэж байна

Share Button

МУИС нь Рио Тинто группийн санхүүгийн дэмжлэгтэй зохион байгуулж буй “Багш, оюутны стартап 2,0” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд оюуны өмчийн сургалтыг МУ-ын Оюуны өмчийн газартай хамтран  амжилттай зохион байгууллаа.

 

ОӨГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга С.Ганзориг Оюуны өмчийн хуулийн танилцуулга хийж эрхзүйн орчинд шинээр бий болж буй боломжууд, оюуны өмчийн үнэлгээ, төрөөс үзүүлэх дэмжлэг зэрэг оюуны өмчийн эрхийг эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэсэн голлох ажлуудын талаар илтгэлээ. Мөн  ОӨГ-ийн Шинэ бүтээл, ашигтай загварын шинжээч, TISC хөтөлбөрийн зохицуулагч Б.Одгэрэл “Гарааны компани байгуулахад оюуны өмчийн менежментийн асуудал” сэдвээр сургалт хийж оюуны өмчийн төрлүүд, эрхийн хамгаалалтын онцлог, дотоодын ба гадаадын оюуны өмчийн мэдээллийн санд хайлт хийх, оюуны өмчийн эрхийн хамгаалалтын үндсэн дээр гарааны бизнест өрсөлдөөний давуу талыг олж авах нөхцөлүүд болон ТИСК хөтөлбөрийн хүрээнд эрдэм шинжилгээний байгууллагууд, судлаачидтай хамтран ажиллах боломжуудын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Сургалтыг цахим видео бичлэгээр хийж (#NUM STARTUP 2020 Group Live Stream) хөтөлбөрт хамрагдсан 11 багийн 79 багш, оюутанд дамжуулсан ба байгаль орчин, эрүүл мэнд, аялал жуулчлал, мэдээллийн технологи, электроник, санхүүгийн цахим мэдээлэл ба финтек, эрхзүйн зөвлөгөө үйлчилгээ зэрэг хөгжүүлж буй бизнес санаа, шинэ технологийг бизнесийн эргэлтэд оруулахад оюуны өмчийн эрхзүйн орчин, хамгаалал ба менежментийн хүрээнд зөвлөмж өгч хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Инноваци, технологи дамжуулах төв