МУИС-ийн судалгааны лабораториуд ба Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшил хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, МУИС-ийн Ахисан түвшний судалгааны лабораториуд өөрсдийн үйл ажиллагаа, инновац шингэсэн бүтээгдэхүүн, төлбөрт шинжилгээ үйлчилгээг танилцуулах, хамтран ажиллах санал солилцох Сургалт-Судалгаа-Үйлдвэрлэлийн Fасe to face форум 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр боллоо.
Арга хэмжээг МУИС-ийн Захирал Д.Бадарч нээж үг хэлэв. Тэрбээр, Дээд боловсролын хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөж дэлхийн бусад их сургуулиуд дэлхий эсвэл Азийн шилдэг сургууль болохыг зорихоос илүүтэй өөрийн улс орны өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд бодитой хувь нэмэр оруулахад чиглэж байна гэлээ. Иймд МУИС нь эрдэмтэн судлаачдаа Монгол Улсын нийгэм, эдийн засагт тулгарч буй асуудлуудыг шийдэхэд гар бие оролцох цаашлаад бизнесийн байгууллага, үйлдвэрлэлийн салбартай хамтарч ажиллах боломжийг бий болгох тал дээр онцгой анхаарч байна гэв. Мөн тэрбээр, МУИС нь сургалт судалгааны баазаа бэхжүүлж Монголын судалгаа хөгжүүлэлтийн салбарт томоохон тоглогч болсныг дурдаад цаашид оюуны бүтээлийг зөвхөн их сургууль, багшийн нэр дээр биш тухайн хамтарч буй компанийн нэр дээр давхар бүртгүүлнэ. Ийм байдлаар хамтран ашиг олох зарчмыг баримтлахад анхаарна гэлээ.
Тус арга хэмжээнд МҮХАҮТ, “Рио тинто” ХК , “ТЭСО” групп, “МОНОС” групп, “АПУ” ХК, “Сүү” ХК, “Таван толгой” ХК, “Монгол Базальт” ХК, “МАК” ХХК, “Мөнхийн тун” ХХК зэрэг 40 гаруй үндэсний үйлдвэрлэгч байгууллага болон “Хаан банк”, “Төрийн банк”, “Голомт банк”-ийн төлөөллүүд оролцон Ахисан түвшний судалгааны лабораториудын эрдэмтэн судлаачидтай уулзлаа. Уулзалтын үр дүнд бүтээгдэхүүний судалгаа, үйлдвэрлэл, хөгжүүлэлт дээр үндэсний үйлдвэрлэгч болоод судалгааны лабораторийн хооронд хамтран ажиллах санамж бичиг зурахаар боллоо.