Монгол Улсын Их хурлын 2015 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын 7.13-т “Монгол Улсын дөрвөөс доошгүй их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд хүргэсэн” байхаар тусгасан. Тиймээс 2015 онд МУИС-ийн Удирдах зөвлөлийн тогтоолоор “МУИС-ийн 2016-2024 оны стратеги төлөвлөгөө”-г батлан бодлогын чиг хандлагаа өөрчилж бүс нутгийн их сургуулиудтай өрсөлдөх түвшинд хүрэх зорилго болгон дэвшүүлсэн. Энэхүү зорилгын хүрээнд дэлхийн болон Азийн шилдэг 100 их сургуулиудын жишгийг судлах, олон улсын түвшинд их сургуулиудын чансааг тогтоодог байгууллагуудын шалгуурыг чиг болгож стратегийн төлөвлөгөөнд тусгасан юм.
Өнгөрөгч оны 8 дугаар сараас эхлэн МУИС-иас санаачлан дэлхийн их, дээд сургуулиудын эрэмбийг ерөнхий болон шинжлэх ухааны салбар тус бүрээр гаргахын зэрэгцээ бүс нутгаар нь эрэмбэлдэг дэлхийн шилдэг байгууллага болох QS (Quacquarelli Symonds) байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлж зөвхөн МУИС бус Монголын их, дээд сургуулиудын эрэмбийг тогтоолгох уулзалт, хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулсан билээ.
2019 оны 3 дугаар сард энэ ажлын үр дүнд гарч дэлхий даяар тараагддаг “QS-Шилдэг их сургуулиудын гарын авлага 2019” болон QS-WOWNEWS сонинд БСШУСЯ, МУИС, ШУТИС, МУБИС, СУИС-ийн талаарх мэдээлэл, сурталчилгаа хэвлэгдсэн.
Тэгвэл 2019 оны 5 дугаар сарын Wow News сонинд МУИС-ийн мэдээлэл сурталчилгаа, МУИС-д ажиллах зочин профессорын зарыг нийтлэсэн байна.
Мөн их сургуульд ажиллаж байгаад тушаал дэвшсэн профессоруудыг онцолдог Movers&Shakers буланд МУИС-ийн Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын даргаар ажиллаж байгаад БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын даргаар ажиллаж байгаа С.Мөнхбатыг онцолжээ.